Дэлхийн томоохон хотуудад тулгамдаж буй хүн амын насжилт, дэд бүтцийн асуудлууд, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай сорилтуудыг даван туулж, тогтвортой хотыг бий болгоход шинэ санаа, технологийн чадавхтай старт-ап компаниудыг оролцуулах, энэ чиглэлд инновацыг хөгжүүлэхээр Япон Улсын нийслэлд “Сити-Тек Токио 2023” үзэсгэлэн зохион байгуулж байна.
Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Токио хотноо “Гарааны бизнес эрхлэгчид, старт-апуудтай хамтран инновацад суурилсан тогтвортой ирээдүйг бүтээх нь” сэдвийн дор болж буй энэхүү үзэсгэлэнд Монголын хоёр компани оролцож байна.
Үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлж “Метафорс” ХХК “Metaland Metaverse” бүтээгдэхүүнээрээ, “Фибо Глобал” ХХК дата төвүүдэд зориулсан үүлэн технологийн үйлдлийн системээрээ оролцож буй.
Нээлттэй инновацыг хөгжүүлэн, нутагшуулснаар байгальд ээлтэй, оновчтой, ухаалаг шийдлүүд бүхий хотыг цогцлоох технологи буюу Сити-Тек салбарын санаачилга, асуудлууд, дэвшлүүдийг бусад хоттой хуваалцах боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байгаа юм. Мөн гарааны бизнес эрхлэгчдэд хамтран ажиллах түнш, хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох үнэ цэнтэй боломжийг ч “Сити-Тек Токио 2023” олгож буйгаараа онцлог.
“Сити-Тек Токио 2023” арга хэмжээнд дэлхийн хотуудын удирдлагууд, удирдах албан тушаалтнууд, томоохон компаниуд, гарааны бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, их дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн салбарынхан тэргүүтэй 10 мянга гаруй хүн оролцож байгаа ажээ.

Leave a Reply