Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Тяньжин хотын дарга Жан Гун, мөн тус хотын намын хорооны дарга Чэн Минь-Ар нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хоёр хот Ах дүү хотын харилцааны хүрээнд соёл, боловсрол болон эдийн засгийн салбарт хамтран ажилласаар ирсэн бөгөөд цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага солилцох, сайн жишгийг нутагшуулах боломж бүрдүүлэхээ энэ үеэр хэлэлцсэн юм.

Тяньжин хотын боомтоор Монгол Улс руу жилдээ 90 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэдэг. Тиймээс уг боомтыг түшиглэн Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн сүлжээг бий болгох, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах нь чухал гэдгийг талууд онцолсон юм. 2009 онд БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газар болон Монгол Улсын Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яам хооронд Санамж бичиг байгуулж, Тяньжин хотын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр-логистикийн төв” байгуулахаар шийдвэрлэж байжээ. Сүүлийн 16 жилийн турш тодорхой шийдэлд хүрээгүй энэ төслийг урагшлуулах, хамтран ажиллах боломжуудын талаар мөн хоёр тал хэлэлцжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Тяньжин хотын дарга Жан Гун, мөн тус хотын намын хорооны дарга Чэн Минь-Ар нартай хийсэн уулзалтын үеэр боловсролын салбарын хамтын ажиллагаагаа, шаардлагатай чиглэлд боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийг хүний нөөцийн сургалтад хамруулах боломж бүрдүүлэхээр тохиролцлоо.
Мөн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай хамтран худалдаа, бизнесийн харилцааг тэлэх саналуудыг тавьж, тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
Leave a Reply