Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байв. Энэ бол 2010 онmой харьцуулахад 3.6 дахин өссөн үзүүлэлт. Гэвч нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ дэлхийн томоохон хотуудаас 3-4 дахин бага байна. Тиймээс хотын удирдлага иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг хангахад анхаарч, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлдээ дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулан, нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй.
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд Баянзүрх дүүрэгт хийх томоохон ажлуудын нэг нь тус дүүргийн 23, 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэвэр усны нөөцийн 300 га талбайд Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд амрах, чөлөөт цагаа зөв, зохистой өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор энэхүү ажлыг санаачилжээ. Ерөнхий төлөвлөгөөний дагуу уг цэцэрлэгт хүрээлэнгийн 250 га талбай нь ашиглалтынх байх бөгөөд үүний 70-80 хувьд нь мод тарьж, зүлэгжүүлэх аж. Түүнчлэн 200 орчим машины зогсоол, авто зам, явган болон дугуйн замыг шийдэн тохижуулна.
Олон улсын гэж тодотгосны учир нь Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагатай хамтран 25 га талбайг тохижуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Leave a Reply