ХҮҮХЭДТЭЙГЭЭ ОЧИХОД ТОХИРОМЖТОЙ ГАЗРУУД

Сурагчдын амралт удахгүй эхлэх гэж байгаа билээ. Харин хүүхэд багачуудын хувьд дулаахан үед парк, хүйтэн үед кино театр орох зэрэг улирлын шинж чанартай. Хүүхэд болон эцэг эхийн хамт цагаа зөв боловсон, үр дүнтэй өнгөрөөх газар тэр болгон байдаггүй шүү дээ. Тиймээс сурагчдын амралтыг тохиолдуулан та бүхэнд хүүхэд багачууд, дүү нартайгаа хамт очиж болох сонирхолтой газруудыг танилцуулж байна.

City of Nomads – Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч

ДүДү Хүүхдийн Музей

Хүүхдэд зориулсан албан бус боловсрол олгож, танин мэдэхүй, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой ДүДү хүүхдийн музей нь сансрын нисгэгч, гал сөнөөгч, эмч гэх мэт олон мэргэжлийн тухай мэдэж, танилцаж, суралцах боломжтой. Тус музей нь заавал хүр, өөрөө хийж бүтээ, оролц, оролд гэсэн зарчимтай тулгуурлан үйл ажиллагаа явуулж хүүхэд эцэг эх, гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөж илүү дотно байхад тохиромжтой.

Kaidu World

Нийслэлийн зүүн хэсэгт энэ жил нээгдсэн Kaidu World тоглоомын төв нь аварга гулсуур, trampling, tubing slide, бокс, байт харваа, zipline, тэнцвэрийн шат 15 төрлийн тоглоомтой хамгийн том тоглоомын төв. Тус тоглоомын төв нь Кайду Молл дотор байдаг бөгөөд Кайду молл нь олон төрлийн ресторан, худалдаа үйлчилгээ, Cinema Next кино театр зэрэг гэр бүлээрээ хамт очиход тохиромжтой энтертайнмент төв юм.

Jump Trampoline Park

Зөөлөн тоглоом, зориулалтын ойлтын шал ханаар тохижуулсан Jump Trampoline Park нь үсэрч харайх дуртай хүүхэд, залуусын хувьд жаргалын орон л гэсэн үг. Гурван салбартай, бүх насныхны чөлөөт үсрэлтийн төв нь өдөр бүр 10:00-22:00 цаг хүртэл ажилладаг.

Tree House – Family Café

Хүүхдэд ээлтэй, гэр бүлээрээ ирж үйлчлүүлэн хамт хоол идэхэд тохиромжтой тус газар нь интерьер, дотор тохижилт, хоолны меню, хөтөлбөр, хүүхдийн театр, унтлагын өрөө гээд бүх зүйл нь бага насны хүүхэд болон хүүхэдтэй эцэг эхчүүдэд тухтай байхаар хийгджээ. Модон дээр модоор хийгдсэн байшинг үндсэн концепцоо болгосон тус газар нь хүүхэд болон байгаль орчинд ээлтэй тоглоом болон тохижилттой.

Ulaanbaatar Zoo and Aquarium

Анх 2017 онд нээгдэж байсан тус газар нь 80 гаруй зүйлийн 500 гаруй амьтадтай Монгол улсын хэмжээнд байдаг цор ганц амьтны хүрээлэн юм. Хүүхэд багачууд зөвхөн зурагт, номоос хардаг байсан амьтдыг бодитоор үзэж, танилцаж тэдэнд сонирхолтой байхаас гадна амьтдыг таних, хайрлахад сургаж буй чухал үүрэгтэй газар.

Playtime 1250

Хүүхдийг эрүүл чийрэг, бие бялдрын хөгжилд тоглоомоор хөгжүүлдэг тус газар нь Өмнөд Солонгосын PlayTime Group-ийн албан ёсны эрхтэй. Playtime 1250 төвд аварга гулсуур, дугуйт тэшүүр, хананд авиралт, налуу хана, эргэдэг сандал, тэнцвэр шалгасан тоглоом хүүхэд гүйж, өнхөрч, авирч, харайх зэрэг хөдөлгөөн, авхаалж самбаа шаардсан олон тоглоомтой.

Астропарк

Астропарк нь сансар судлал, одон орны шинжлэх ухааныг нийтэд таниулах ялангуяа хүүхэд залуучуудад танин мэдэхүй, орчлон ертөнц, од гариг эрхсийн талаар мэдлэг олгох өндөр ач холбогдолтой. Тус “Сансар, Од Эрхэсийн Ордон”-г Монгол улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа болон Одон Орон Геофизикийн Хүрээлэн хамтран санаачлан барьж байгуулсан түүхтэй. Үзвэрийн үнэ нь ердөө 3000 төгрөг бөгөөд “Сансар”, “Нар, сар, кино”, “Од эрхэс” гэсэн гурван танхимтай.

Nutty Scientists

Хүүхдүүдэд тохирсон лаборатори, туршилтуудаар дамжуулан шинжлэх ухааныг таниулах, дурлуулах зорилготой тус газар нь орчин үеийн, шинэлэг, сонирхолтой байдлаар STEM /Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл, Математик/ хөтөлбөр дээр суурилдаг. 3-16 насны хүүхдүүдэд зориулсан хичээлийн болон хичээлийн дараах сургалт, туршилт, үзүүлбэр, боловсролын шоу үдэшлэг зэргийг зохион байгуулдаг.

Creative Bamboo

Creative Bamboo буюу Бүтээлч Бамбүү төв нь 0-12 насны хүүхэдтэй гэр бүл, хүүхдүүдэд зориулсан гэр бүлийн бүтээлч төв юм. Байгалиас заяасан сониуч зан, бүтээлч сэтгэлгээг бага балчир наснаас нь дэмжин хөгжүүлэх олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн оролцоог нэмэгдүүлж чөлөөтэй тоглох орчин, хүүхдийн жүжиг, хамтарч юм бүтээх бүтээлч хөтөлбөр, сургалт, арга хэмжээ зохион байгуулдгаас гадна мэргэжлийн хүүхдийн сэтгэл зүйч ажиллаж эцэг эх, багш нарт сургалт явуулж, зөвлөгөө өгдөг.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy