ХОТОД ОЙР ХИЙЖ БОЛОХ ЗҮЙЛС

Өвөл гэр бүл, найз нөхдийн хамт хоттой ойр цэвэр агаарт гаран нэг өдрийг өнгөрүүлэх нь хамгийн сайн амралт болж чаддаг шүү дээ. Амралтын өдрөө дурсамж, адал явдал хайж байгаа хэн бүхэнд зориулан хотод ойр хийж болох зүйлсийг танилцуулж байна.

City of Nomads – Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч

Богдхан ууланд алхах

Хотод хамгийн ойр бөгөөд үнэгүй хийж болох эрүүл мэндэд хэрэгтэй, сэтгэл санааг тайвшруулж, бодол цэгцэлдэг зүйл бол мэдээж ууланд алхах. Хотын төвөөс ердөө 6.5 км яваад машины зогсоолоос цааш алхана. Замдаа сууж цайлах хэсгүүд байдаг бөгөөд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо гарахыг санал болгож байна. Харин та гутал, хувцас, хэрэглэлээ сайн бэлдэхээ мартуузай.

Sky Resort

Монголын анхны стандартад нийцэхүйц Скай ресорт цанын бааз уулын цана, сноубоард, хийлдэг болон энгийн чаргаар үйлчилдэг ба анхлан очиж байгаа хүмүүст зориулсан цанын сургалт ч байдаг. Харин хувцас хэрэглэлгүй гэж санаа зовох шаардлагагүй. Учир нь цанын хэрэглэлийн дэлгүүр болон түрээсийн үйлчилгээ үзүүлэхээс гадна ресторан ч бий.

Хүрэл тогоот

Хүрэл тогоотод байрлах “Улаанбаатар одон орон судлах оргил”-д гариг эрхсийг өөрийн нүдээр дурандаж болно. геофизикийн судалгааны төвийн залуу эрдэмтэд иргэдээ одон орон судлалтай илүү ойртуулахын тулд тусгай хөтөлбөрийн дагуу аялал зохион байгуулдаг. Хөтөлбөрийн хүрээнд “Сансар од эрхсийн ордон”-той танилцсаны дараа Хүрэл тогоот дахь “Улаанбаатар одон орон судлах оргил”-д очиж, өндөр хүчин чадал бүхий дурангаар нар, сар оддыг дурандаж үзэх боломжтой. Од эрхсийг дурангаар харахын тулд цаг агаар чухал тул та урьдчилж холбогдоод очих хэрэгтэйг бүү мартаарай.

Paragliding Club Mongolia

Хэзээ нэгэн цагт тэнгэрт дүүлэн нисэхийг мөрөөддөг бол Paragliding Club Mongolia-гийн тандэм нислэг яг тохирно. Уулын шүхрээр бууж үзээгүй, анхлан нисэх гэж байгаа хүмүүст зориулсан нислэг байдаг бөгөөд тандэм нислэгийн багцуудаас сонгон нисэх боломжтой. Нислэгийн багцуудад 8-аас 25 минут хүртэл нисэх сонголттой, нислэгийн үеэр өөрийнхөө зураг, бичлэгийг хийх утасны сэлфи стик багтдаг. Унаа болон хоолоо өөрөө бэлдэх хэрэгтэй бөгөөд мэдээж тухайн өдрийн цаг агаарын байдлаас нислэг хамаардаг тул түрүүлж захиалга өгөөрэй.

Чингис хааны хөшөөт цогцолбор

Гиннесийн номд Дэлхийн хамгийн том морьт хөшөө хэмээн бүртгэгдсэн Чингис хааны хөшөөт цогцолбор нь хотоос 53 км зайд байрладаг. Цонжин болдогт байрлах тус газрын нэр нь ‘’содон өндөрлөг’’ гэсэн утгатай. Чингис хаан өөрийн төрөлх нутгийн зүг харж буйгаар хөшөөг бүтээсэн. Хааны хүлэг морины хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижиг танхимд орсноор цогцолборыг бүтээсэн тухай баримтат кино үздэг. Хөшөөний суурь болох дугуй барилгын 36 багана нь Чингис хааны алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлдэг. Барилгад уран зургийн галерей,  Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, биллиардын өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр үйлчилгээний газрууд бий. 

Extreme Mongolia

Адал явдал эрэлхийлэгчдийн очиж үзэх газар бол Тэрэлжийн булагтайд байрлах Extreme Mongolia. Тус газар zip line буюу өндрөөс 400 метр олсоор гулгах, хаданд авиралт, хоёр хадны хооронд өндөрт дүүжин гүүрээр явах, ATV, UTV-гээр салхи татуулан давхих зэрэг таны адреналинийг ялгаруулах зүйлс энд байдаг.

Арьяабалын хийд

Горхи Тэрэлжийн хөн­дийд байдаг Арьяабалын бясалгал бүтээлийн хийд нь гадны жуулчид, дотоодын амрагч, аялагчдын очих дуртай газруудын нэг. Энэ хийд нь зааны хошуу мэт хэлбэртэй 108 чулуун шаттай, хийдийг тойрсон 108 хүрд, хийдийг тойруулан 108 жижиг суварга, шашны 8 тахил, хангагч эрдэнэ, соёмбо зэрэг бэлгэдлээр чимэглэсэн байдаг. Сүмийн дотор талд 8 мутарт Арьяабал буюу Жанрайсиг бурхан хойморт нь бурхан багшийн хамтаар залжээ. Тус бясалгал бүтээлийн хийдийг Гүнжийн сүм хэмээн андуурах тохиолдол их бий.

Аглаг бүтээлийн хийд

Байгалийн үзэсгэлэнг хүний гараар тордож бүтээсэн Аглаг бүтээлийн хийд нь уулын оройд байрладаг тул байгалийн сайхныг харан баясахад тун таатай. Доороо рашаан, эмчилгээний далий ягаан цэцэгтэй. Аглаг бүтээлийн хийдэд та бурхны шашны сургаалын дүрүүд, газрын даруулга яст мэлхий, сэтэрт мод, цагаан лянхуа хүрд, үүдэн хад, эргэх хавцал, заан хад, ембүү хад, гулсдаг хад гэх мэт маш олон зүйлийг үзэх боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy