Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах зөвшөөрөлгүй шавар гэрүүдийг буулгаж, чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлэх тохижилтын ажлыг эхлүүлсэн. Мөн тус газар үйл ажиллагаа явуулж байсан “Энигма” ХХК-ийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, орчны тохижилтод анхаарах зэрэг шаардлага тавьж, тохижилтод хамтран ажиллахаар болсон юм. Гэтэл тус аж ахуйн нэгж тохижилтын ажилд дэмжлэг үзүүлээгүй төдийгүй тохижилт хийх хэсэг рүү машин техник оруулахгүй, тохижилтод саад учруулснаас шалтгаалан ажил бүтэн сараар саатжээ.

Харин Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Уулын амыг нэг хүн хашчихаад хүмүүсээс мөнгө авч байна. Улаанбаатар хотын иргэдийн амарч, тухалдаг газрыг нэг аж ахуйн нэгж хашчихаад хэн орох, орохгүйг мэдээд байна гэдэг буруу. Хотын зүгээс 2.7 га газрыг тохижуулж байгаа. Үүднээс наашаа 600 метр явган хүний болон дугуйн зам барих ёстой байсан ч энэ ажилд саад гарсан” гэдгийг хэлж байв.
Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилтын ажлын хүрээнд нийт 2.7 га талбайд 4047 ам метр явган зам, 7950 ам метр ногоон байгууламж, 24 хогийн сав, 48 гэрэлтүүлэг, 17 хүүхдийн тоглоом суурилуулах ажил хийж гүйцэтгэж байгаа юм.



Leave a Reply