УЛААНБААТАР ХОТЫН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта тэргүүтэй Италийн үндэсний судалгааны зөвлөл болон түүний дэргэдэх Хөгжлийн инновац ба үйлчилгээ судлалын институтийн төлөөлөгчидтэй уулзсан билээ. Уулзалтын үеэр талууд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, ногоон эдийн засгийг дэмжих зорилготой байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R /Reduce, Reuse, Recycle – ариглая, ашиглая, ангилъя/ дадал буюу “3R4UB” төслийн талаар санал солилцов. Түүнчлэн талууд “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-д хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар болж мэргэжлийн зөвлөгөө өгнө гэдгээ ч илэрхийлсэн юм.

“3R4UB” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг засварлаж байгаа. Мөн Хөгжлийн инновац ба үйлчилгээ судлалын институтийн зүгээс Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, тулгамдаж буй асуудал зэрэгт үндэслэн мастер төлөвлөгөө гаргана гэдгээ хэллээ. Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд Италийн төлөөлөгчдийн зүгээс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж, инженер, технологийн туслалцаа үзүүлэн, мэргэжил, арга зүйн төлөвлөгөө боловсруулах боломжтой гэсэн юм. Мөн Улаанбаатар хотын ойрын 30 жилийн инженер төлөвлөлтийн зургийг гаргах, инженерийн салбарт дэмжлэг үзүүлэх, хүний нөөц бэлтгэх чиглэлд хамтран ажиллах боломжтой хэмээв.

Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 1.3 сая тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал бий болдог бөгөөд Улаанбаатар хот үүнээс 11.4 хувийг нь дахин боловсруулах хүчин чадалтай. Нийслэлд бүртгэлтэй нийт 34  хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгаагаас одоогийн байдлаар 14 байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр нь гол төлөв хуванцар болон бор цаасны дахин боловсруулалт хийдэг.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy