10 САРД БОЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА – ЮУ ХИЙХ ҮҮ?

Намрын налгар өдрүүд холдон олдож сэрүү орсон ч амьдрал, ажил буцалсан 10 сар айсуй. Энэ сар урлаг, соёлын, хөгжил дэвшилд тэмүүлсэн арга хэмжээ ихтэй байх төлөвтэй байна. Харин та цаг агаараа харж хувцаслахаа бүү мартаарай.

Арга хэмжээ дүүрэн алтан намар айсуй
City of Nomads – Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч

Magic Art – Урлагаар Ид шид бүтээе

Урлагт хайртай хэн бүхэнд зориулж урлагаар ид шид бүтээх боломжтой өдөр. Ид шидийн орон Дундговь төсөлд зориулж уран бүтээлчид нэгдэж өөрсдийн бүтээлээ хандивласан байна. Харин та уг арга хэмжээн дээр очиж дуртай бүтээлээ худалдан авч ид шид бүтээгээрэй. Энэ өдөр зарагдах бүх бүтээлийн борлуулалт 100% Ид Шидийн орон Дундговь төсөлд зориулагдах ажээ.

Морин хуурын чуулга 30 жилийн ойн баярын концерт

Морин хуурын чуулгын 30 жилийн ойг тохиолдуулж тэд энэ жил олон тоглолтыг хүргэж байгаа билээ. Энэ удаа ойн хүрээнд Морин хуурын чуулга шилмэл бүтээлийн концертыг толилуулахаар болжээ. Тус тоглолтын удирдаачаар Д.Түвшинсайхан, Н.Жигжиддорж нар ажиллах бөгөөд морин хуурын гайхамшгийг шилмэл бүтээлүүдээр мэдрэх ховорхон боломж юм.

Бичил ертөнцийг урлая
Та өөрийн гэсэн гоёмсог, бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болохыг хүсэж байвал энэхүү өдөрлөг нь танд тохирно. Террариум буюу уг шилэн бичил цэцэрлэгт хүрээлэнг мэргэжлийн багшаар заалгаж та өөрөө бүтээх юм. Амралтыг өдрийг гэр бүл, найз нөхдийн хамт хайр хүргэм бичил ертөнцийг бүтээгээрэй.

Э.Найдандорж Агуриг уран бичлэгийн үзэсгэлэн

Уран бүтээлч Э.Найдандоржийн 2012 оноос хойш зохиож, хөгжүүлсэн Агуриг тигийн уран бүтээлийн үзэсгэлэн болох нь ээ. Энэхүү тиг нь эвхмэл үсгийн суурь дээр орчин үеийн дизайныг шингээн бүтээсэн гэдгээрээ онцлог. Тус үзэсгэлэн нь бэлгэдэл зүй, хээ чимэглэл агуулсан дахин давтагдашгүй, цор ганц бүтээлүүд байх бөгөөд түүний бүтээсэн 50 гаруй нэрийн дардас, лого, тамганаас шилмэл 20 бүтээл дэлгэгдэх ажээ.

Alexander Kato-Willis – төгөлдөр хуурын гоцлол-импровизаци

Сонгодог хөгжим сонсож өнгөрөөх нэгэн үдэш. Төгөлдөр хуурч Alexander Kato-Willis Америк, Европ, Азиар аялж ганцаарчилсан импровизацийг тоглодог бөгөөд энэ үдэш  түүний бүтээлүүдийг сонсох боломж  тохионо. Тэрээр 6 настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн ба тоглож эхлэхээсээ сонгодог хөгжмийн импровизаци хийдэг байжээ. Тэрээр их сургуульд байхдаа аль хэдийн 40 уран бүтээл туурвисан байсан бөгөөд төгсөхдөө АНУ-ын Конгрессын Үндэсний Урлагийн Медалиар шагнуулж байсан юм.

“Future Skills for Youth” international conference

Оюутан, залуу үеийнхэн, тэргүүлэх компаниудын удирдлага, мэргэжилтнүүд мэдлэг, туршлага, мэдээлээ хуваалцаж, олон улсын төслийн удирдлагын туршлагатай мэргэжилтнүүд зөвлөгөө өгөх Шинэ үе – Шинэ чадвар хурал. Бүтээн байгуулалт, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд мэргэжилтнүүд бэлтгэж, мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хүргэх уг хурал 2 өдрийн турш болох юм.


“ОПАЛ” саркастик мелодрамын жүжиг

Бродвей театрын алдарт бүтээл “Everybody Loves Opal” жүжгийг Орфей театрын уран бүтээлчид “Опал” нэрээр толилуулахад бэлэн болжээ. Тэд өмнө нь Гэм зэм, Фауст зэрэг жүжгийг амжилттайгаар үзэгчдэд хүргэж байсан билээ. Хүнлэг, сайхан сэтгэл хаанаас бий болдог юм бол. Сайхан сэтгэлийг бид өвлөж авдаг уу, үлгэрлэн суралцдаг уу? Хүнтэй нь биш хөрөнгө мөнгөтэй нь, сэтгэлтэй нь биш хүсэмжит биетэй нь амьдрах болсон энэ цаг үед хүний сайхан сэтгэл ямар дүртэйг энэ жүжгээс мэдрээрэй.

HR Day 2022 | Үндэсний чуулган
Монголын хүний нөөцийн ажилтны үндэсний чуулган 2012 оноос жил бүр зохиогдож буй. Дотоод болон гадаадын судалгааны байгууллагууд, их дээд сургуулиудын удирдлага, үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагууд, хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүд “Сорилт – Шийдэл – Чиг Хандлага” сэдвийн дор хуран цуглаж тулгарч буй асуудлыг тодорхойлж, туршлагаа хуваалцаж шийдэлд хүрж салбарынхаа чиг хандлагыг тодорхойлох ажээ.

Wine Expo 2022

Дэлхийн алдартай брэндүүдийн 1000 гаруй дарсыг нэг дороос амтлах тансаг боломжийг олгодог Монголын хамгийн том дарсны үзэсгэлэн 6 дахь жилдээ болох гэж байна. Энэ өдөр та дарсны соёлыг сурч, дарсны мэргэжилтэн, олон улсын дарсны зөвлөхүүдээс сургалт авч, улаан, цагаан, ягаан болон оргилуун дарсыг амталж өөрийн дуртай амтыг олохоос гадна хөгжөөнт тэмцээн, уралдаанд оролцож дарсны ертөнцөөр аялах боломжтой.

Улаанбаатар олон улсын XIV кино наадам

Кино сонирхогчид, мэргэжилтнүүдийн хамгийн их хүлээдэг Улаанбаатар олон улсын кино наадам 14 дэх удаагаа 10-р сарын 17-23-ны өдрүүдэд зохиогдох ажээ. Монголын кино урлагийг хөгжүүлж, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, дэлхийн нэр хүндтэй кино наадмуудад шалгарсан шилдэг бүтээлүүдийг үзэгчдэд хүргэдэг гэдгээрээ энэ наадам маш их ач холбогдолтой.

One Piece Film: Red (Fan’s Screening – Тусгай үзвэр)

Гарсан цагаасаа хойш дэлхийн олон улсыг байлдан дагуулж олон үзэгч, фентэй болж чадсан аниме бол One Piece билээ. Тус анимийн бүрэн хэмжээний кино болох “One Piece Film: Red”-ийг үзэгч, фенүүдэд зориулж тусгай үзвэрийг гаргах гэж ажээ.

ITM 2022 Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн

Монголын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох ITM 2022 Мишээл экспо төвд 10-р сарын 28-30-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Тус үзэсгэлэнд 21 аймаг, нийслэл хот, олон улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, төлөөлөгчид хүрэлцэн ирж шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, арга хэмжээгээ сурталчлах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийхээс гадна төлөөлөгч, судлаачдын хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм.

Belgian Beer Month

Brussels Belgian Beer Café 10-р сарыг Бельги шар айргийн сар болгон зарлажээ. Бельги шар айраг нь 3, 4-р зуунаас үүсэлтэй, нэрэх арга болон амт, төрлийн хувьд ч баялаг түүхтэй. Тэд зүгээр уудаггүй соёлын хэмжээнд хөгжүүлж ирсэн гэдгийг ЮНЕСКО 2016 онд Бельги шар айргийн соёлыг Хүн төрөлхтний соёлын биет бус өв хэмээн албан ёсоор бүртгэн авсан байдаг.

Уухай шагай харвааны наадам

Шагайн харваа 13-р зууны үед үүсэж, анх зөвхөн хаад ноёд л зугаацдаг наадгай байжээ. Хожим ард түмэн, өргөн дэлгэр цэц мэргэнээ сорьж нааддаг болсон байна. Шагайчид тойргоор тоглодог болохоор шагайн наадмыг “тойром” гэж нэрлэж хожим шагайн харваачид цугладаг газрыг тойром гэж болсон ажээ. Харин өдгөө шагайн харваа нь үндэсний их баяр наадмын нэг төрөл болж албан ёсны дүрэмтэй наадам болжээ. Уухай шагай харвааны наадам 10-р сарын 21-22 өдрүүдэд Монгол Бөхийн Өргөө тойромд цуглаж цэц мэргэнээ сорих ажээ.

1 Comment

  • Minjee хэлдэг:

    Э.Найдандорж “Агуриг” уран бичлэгийн үзэсгэлэн үнэ төлбөртэй болву?

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy