Бүтээн байгуулалт, баяр хөөр дүүрэн зуны зугаатай цаг олон сайхан дурсамжийн хамт үлдээж намрын сэрүүхэн өдрүүд иржээ. Цэцэрлэг, сургууль цуглаж хүний хөл хөдөлгөөн дүүрэн, их хотын уур амьсгалыг мэдрүүлдэг 9 сар та биднийг уйдаахгүй арга хэмжээ, тоглолтуудтай байна.
Арга хэмжээ дүүрэн алтан намар айсуй
City of Nomads – Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтөч

Намар цагийг жааз хөгжимгүй төсөөлшгүй билээ. Их хотын жааз хөгжмийн өнгө төрхийг Fat Cat Jazz Club тодорхойлоод хэдийн 4 жилийг өнгөрөөжээ. Тэд 4 жилийн ойн баяраа тохиолдуулан олон онцгой тоглолтуудыг бэлдсэний нэг нь “Mongeris” international big band. Энэхүү хамтлаг Монгол, Герман, Израил улсын 30 гаруй чадварлаг уран бүтээлчдээс бүрддэг бөгөөд тус клубийн бяцхан тайзыг гурван өдрийн турш аялгуу, эгшгээрээ хөглөнө.
Korea Week 2022
Солонгосын соёл, урлагтай биечлэн танилцаж олон хөтөлбөрүүдийг үзэж, оролцох боломжийг БНСУ-ын Элчин сайдын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгож байна. Korea Week 2022 арга хэмжээ 3 өдрийн турш болох бөгөөд Солонгосын уламжлалт тоглоом, Ханбуг өмсөж зургаа авхуулж, асуулт хариултын тэмцээн, K-Food show, make-up show, гадна талбайд кино үзэх, таеквондогийн үзүүлбэр, бүжиг, дуу зэрэг урлагийн тоглолтуудыг үзэхээс гадна 2 үдэш ‘Little Forest’, ‘Red Shoes’ кинонуудыг үзүүлнэ.
Lumino x Tatar – The Best Concert
2000-аад оны Монголын хип хопын гол төлөөллүүд, гаргасан дуу болгон нь залуусыг байлдан дагуулж байсан Lumino, Tatar хамтлагууд нийлэн The Best Concert-ийг толилуулах гэж байна. Lumino хамтлаг байгуулагдаад 24 жил, Tatar хамтлаг 19 жил болж хугацаанд туурвисан тус тус шилдэг 20 дуу, нийт 40 дууг фенүүддээ сонордуулна.
Алдарт Б.Бадар-Ууган агсны Хонин цагаан үүл дууны нэрээр нэрлэгдсэн тус эвентийн нэрийг сонсмогц хуучны сайхан хөгжим чихэнд эгшиглэх мэт. Хуучны сайхан хөгжимд дурлаж өнгөрсөн цаг үеэр аялах тус концепт эвент дээр Хонх хамтлагийн Н.Энхбаяр, A-Sound хамтлаг, DJ OG, Dj Gerlee Merlee нар хүрэлцэн ирж 80-аад оноор та бүхнийг аялуулах нь ээ. Хуучны сайхан цаг үеэр аялуулдаг тус дуу бүжгийн үдэшлэг Аз жаргалыг “Хонин цагаан үүл дээр үхтлээ дуулж, бүжиглэх” хэмээн томьёолжээ.
Ghibli Studio-гийн бүтээлүүдийг дорнын хөгжмийн тансаг байдал, нандин мэдрэмжийг сэтгэлд мэдрүүлдэг Жой Хисайшигүй төсөөлж боломгүй. Дэлхийн тайз дэлгэцийн шилдэг бүтээлд зүй ёсоор тооцогддог тус студийн My Neighbor Totoro, Howl’s Moving Castle, Spirited Away зэрэг бүтээлүүдийг Монголын мэргэжлийн хөгжимчдөөс бүрдсэн оркестр хоёр үдэш эгшиглүүлэх ажээ. Энэхүү тоглолт нь оюуны өмчийн зөвшөөрөлтэйгөөр, Монгол улсын филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш хүргэх ажээ.
“Хүн бүрийн хэлбэр өөр өөр тэгвэл бид хаана уулздаг юм бол?” хэмээх сонирхолтой постертой “Formless” контемпорари загварын үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болох нь. Тус үзэсгэлэнг 2010 онд Vancouver Fashion Week-д оролцож гараагаа эхэлж өдгөө загварын ертөнцөд өөрийн өнгө төрхийг хэдийнээ бий болгосон Urangooider брэнд толилуулж байгаа аж. Хувирдаг хувцас, хэлбэргүй үзэсгэлэн дээр уулзахад бэлэн үү?
Амралтын өдрөө зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлж оюун ухаандаа хөрөнгө оруулж болох тус арга хэмжээ 13-с дээш насны бүх хүнд нээлттэй байх нь. Монголын шилдэг тамирчдын төлөөлөл тус арга хэмжээ дээр байж та бүхний мэдэхгүй, чадахгүй зүйлд туслах бөгөөд харин та өөрийн рубикийн шоогоо бүү мартаарай.
Зөвхөн ээжүүдэд зориулсан энэ намрын хамгийн том эвентэд менторууд туршлагаасаа хуваалцаж ээжүүдтэй нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхээр болжээ. Мөрөөдлөө биелүүлж, зорилго тэмүүлэлтэй ээжүүдийг нийгмийн манлайлал болсон эмэгтэйчүүдтэй холбох гүүр болсон тус Mom-Entrepreneur-Moment буюу MOMENTO эвентийг “Гоолингоо” ментор клуб, “Unread” медиа компаниуд хамтран зохиож байгаа ажээ.
Тогтвортой хөгжлийн 169 зорилт бүхий 17 зорилго нь 2030 он гэхэд хэнийг ч хөгжлөөс орхигдуулалгүй ядуурал болон өлсгөлөнгийн бүх хэлбэрийг эцэс болгож, эх дэлхийгээ хамгаалах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, тэгш бус байдлыг арилгаж, хөгжил цэцэглэлтэд хүрэх талаарх дэлхийн улс орнуудын удирдагчдын үүрэг амлалтыг бататгасан бүх нийтийн зорилго юм. Монгол Улс Тогтвортой зорилгыг улс орондоо нутагшуулан хэрэгжүүлэх амлалт өгсөн анхны орнуудын нэг юм. Монгол Улсын Их Хурлаас 2020 онд дэлхий нийтийн энэ зорилгуудтай уялдуулан хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан билээ. Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлснээр “Алсын хараа 2050”-ыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилго, зорилт хангагдах боломж бүрдэх юм. Иймд тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-ийг НҮБ, ЭЗХЯ, ГХЯ, НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна.
Их хотын иргэдийн хамгийн их хүлээдэг арга хэмжээ болох Үндэсний номын баяр намрын налгар өдрүүдээр болох нь. Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой номын баяр 2007 оноос хойш 16 дахь жилдээ болж байна.
Амралтын өдрүүдээ салхинд гаран уулын спортоор хичээллэвэл сонирхолтой биш гэж үү? Монголын анхны хаданд авиралтын наадам 9-р сарын 16-18-ны өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болно. Дан ганц хаданд авиралт ч гэлтгүй олон төрлийн спорт, урлагийн энтертайнмент арга хэмжээнүүдийг бэлдээд байгаа ажээ.
Монголын анхны контемпорари театрын уран бүтээлчид өөрсдийн бүтээлүүдээрээ үзэгчдийг нийгмийн коллектив ухамсраас чөлөөлж, мөн чанар луугаа нисэхүй мэт мэдрэмжийг төрүүлэх нь ээ. Контемпорари жүжиг, инсталяц бүтээлүүд, дуу чимээн урлаг, контемпорари бүжиг, баримтат бүтээл зэрэг олон төрлийн бүтээлүүдээрээ тус театрын уран бүтээлчид та бүхэнтэй хамт байна.
Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбооны 2022 оны дрифтийн цувралын хаалтын тэмцээн мэргэжлийн болон сонирхогчдын ангиллаар зохион байгуулагдана. Хурд хүч, авхаалж самбаа сорьсон дрифтийн тус тэмцээн Улаанбаатар хотын хамгийн том асфальтан талбай болох Авто худалдааны цогцолборын талбай дээр болно.
Leave a Reply