
Нэр: Монголын Хөрөнгийн Бирж
Байршил: ЧД, 1-р хороо, Сүхбаатарын талбайн баруун талд
Утас: 11-313747
Зип код: 15160
Facebook: Mongolian Stock Exchange – Монголын Хөрөнгийн Бирж | Facebook
И-мейл:info@mse.mn
Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театрын барилга бол Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу буюу дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьж байгуулсан архитектурын дурсгалт барилгуудын нэг юм. Мөн Монгол Улсын орчин үеийн кино театрын зориулалтаар баригдсан анхны барилга юм. Барилгын зураг төслийг 1945-1946 онд Зөвлөлтийн инженер Н.Климов зохиосон бөгөөд барилгыг 1948 оны долдугаар сарын 08-нд ашиглалтад оруулан нээжээ. Нээлтийн цуглаан дээр Х.Чойбалсан хэлэхдээ: “Нийслэлийн чимэг болсон шинэ кино театр нь хотын хөдөлмөрчдийн хүмүүжил боловсролыг нэмэгдүүлэх, олон түмэнд хамгийн хүртээмжтэй ухуулгыг нэвтрүүлэх соёлын нэг төв болох юм” гэжээ. Үнэхээр тус театр хөдөлмөрчдийн соёлын үйлст их хувь нэмэр оруулжээ. Тус театрын барилгыг 1955, 1962 онд зөвлөлтийн архитектор, инженерүүдийн гаргасан зураг төслийн дагуу хөдөлмөрчдийн соёл үйлчилгээний шаардлагад тохируулан засварлаж дулааны нэгдсэн холоболт, агааржуулах систем, усан хоолой тавьж тохижуулан, 1968 онд мөн гэрлийн чимэглэл хийсэн байна.
Кино театр нь 9700 м.кв багтаамжтай, 400 гаруй хүний суудалтай, доод давхартаа бүжиг, үзэсгэлэнгийн танхимтай баригдсан, гурван давхар барилга юм. Барилгыг барихад японы олзлогдсон цэргүүдийг дайчлан оролцуулжээ.
Энэ кино театрыг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1947 оны тогтоолоор МАХН-ын зүтгэлтэн Б.Элдэв-Очирын нэрэмжит болгосон бөгөөд олон жилийн турш Улаанбаатар хотын томоохон кино театрын нэгэнд тооцогдсоор ирсэн юм.
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн түүхэн үе шатанд Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор энэхүү кино театрын барилгад Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулсан. Анх Хөрөнгийн бирж байгуулагдаад Монголбанкны байранд байралж дараа нь Санхүү, эдийн засгийн техникум /өнөөгийн Санхүү эдийн засгийн дээд сургуульд/ сүүлд өнөөгийн байшинд /О.Элдэв-Очирын нэрэмжит Хүүхэд, залуучуудын кинотеатр / шилжин орж Австрийн компаниар дотоод гадаад засал хийлгэж тоног төхөөрөмжөө суурилуулсан байна.