УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

Нэр: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Байршил:СБД, 8-р хороо, Сүхбаатарын талбайн гудамж

Утас: 70110397

Зип код: 14200

Facebook:Улсын Дуурь Бvжгийн Эрдмийн Театр | Facebook

И-мейл: info@opera-ballet.mn

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилга нь Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу буюу дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьж байгуулсан архитектурын дурсгалт барилгуудын нэг юм.

Улсын төв театрын барилга байгуулах тухай Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1940 онд гарч, хөрөнгө нь төсөвлөгдсөн боловч эх орны их дайны улмаас хойшлогдсон байна. 1946 оны зургаадугаар сарын 28-нд анхны суурийн чулууг тавихад Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар оролцжээ.

Улсын төв театр буюу одоогийн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгын зураг төслийг ЗХУ-д амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, герман архитектор Герхард Косель 1945 онд зохиосон бөгөөд 1946-1949 онд Улсын барилга трестийн барилгачид, японы олзлогдсон цэргүүдээр бариулж ашиглалтад оруулжээ. Барилгын ажлын явцыг шалгаж 1946 оны тавдугаар сарын 19-нд бичсэн илтгэх хуудаснаас үзэхэд барилгын суурийн 9000 куб метр газар ухахаас 6000 куб метрыг ухсан , 700 куб метр чулуу , 149 куб метр элс татсан боловч барилгын зураг төсөл батлагдаагүй учир хэрэглэгдэх элс, чулуу, шохойны хэмжээ тодорхойгүй, банз тасарсан учир цемент, шохой агуулах саравч барьж амжаагүй, хуваарилж өгсөн дөрвөн “Зис” машинаас дөнгөж нэг машин хагас дутуу ажиллаж байжээ. Энэ барилга дээр тухайн үед 430 олзлогдогсод ажиллаж байв. Театрын барилгын явцыг шалгасан тухай 1947 оны 3-р сарын 25-ны илтгэх хуудсанд Төв театрын барилга нь тоосго 20 хоног, элс 30 хоногийн, мод 30 хоногийн нөөцтэй байгаа боловч арматурын төмөр, цемент, хайргагүй учир ажил тасалдаж буй, 158 япон ажиллаж байгаа боловч ажлын бүтээл тааруухан хэмээн тэмдэглэжээ. Ажлын амжилт гаргасан салааны дарга Точи Харад сар бүр 25 төгрөгийн шагнал олгохоор 1946 оны гуравдугаар сарын 14-нд шийдвэрлэсэн, сумангийн дарга ахлах дэслэгч Шидохогийн удирдсан 20 цэрэг 1946 оны арван хооёрдугаар сарын 22-ны өдөр машинд гуалин ачих ажлыг сайн гүйцэтгэсэн учир цэрэг тус бүрийг 100 грамм тамхиар шагнасан зэрэг баримт архивт хадгалагдаж  үлджээ. ОЦХЭЕГ-ын зураг төслийн конторын дарга, инженер Мотогийн бичсэнээр япончууд театрын барилгын “суурийг тавьж ханын өрлөгийг дутуу хийсэн” гэж тэмдэглэжээ.

Театрын барилга 800 хүний суудалтай үзвэрийн гол танхим, олон арван өрөө тасалгаа, эргэдэг тайз бүхий бөгөөд нийтдээ 38 мянган м.кв багтаамжтай дөрвөн давхар том барилга юм. Барилга нь нүүрэн талдаа баганатай, гол танхим нь монгол үндэсний хээ угалзаар чимэглэгдсэн. Барилга ба хашааны монгол хээ угалзыг архитектор Б.Чимэд, зураач Д.Манибадар нарын зохиосон зураг төслөөр уран барималч С.Чоймбол, Н.Даваацэрэн, Н.Жамбаа нарын урчууд бүтээжээ. 1964 онд уг барилгын сантехникийн системийг өөрчлөн засварлаж дулааны нэгдсэн холболтод оруулсны дээр дотоод чимэглэл, заслыг сэргээн шинэчилсэн байна. 1963 онд Улсын хөгжимт драматик театрыг салгаж биеэ даасан хоёр театр болгосноор уг барилгад Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр байрласан юм.  Шинэхэн дуурийн театр Оросын суут хөгжмийн зохиолч  П.Чайковскийн  “Евгений Онегин” дууриар нээлтээ хийсэн түүхтэй аж.  Ийнхүү дуурийн театрыг байгуулах болсон нь ЗХУ-д дуурь, балетийн үндэсний мэргэжилтнүүд бэлтгэгдсэнтэй холбоотой байв. Уг театрын уран бүтээлчид анх байгуулагдсан цагаас нь хойш нийтдээ 100 гаруй дуурь, балетийг алтан тайзнаа амилуулжээ. Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлийн сан хөмрөг, хөгжил дэвшил нэрт удирдаач Ж.Чулууны амьдрал, уран бүтээлтэй салшгүй холбоотой.  “Фауст”, “Игор ван”, “Реголлето”, “Бахчисарайн оргилолт булаг”, “Дон кихот”, “ Хунт нуур”, “Отелло”, “ Тоска” зэрэг дэлхийн олон сонгодог дуурь  балетыг Монголын үзэгчдэд хүргэжээ. Мөн үндэсний алдарт “Учиртай гурван толгой”, “Шивээ хиагт”,  “Шарай голын гурван хаан”, “ Амарсанаа”, “Тэмцэл” гээд олон бүтээл дуурийн театрын алтан  тайзнаа амилсан билээ. Энэ театр дэлхийн сонгодог жүжиг, дуурь, бүжгэн жүжгийг Монголын урлагийн түүхэнд анх удаа тоглосноос гадна МАХН ба Улсын хэд хэдэн түүхт их хурал хуралдсан билээ.

1963 онд Улсын хөгжимт драмын театрыг “Улсын драмын театр”, “Улсын дуурь, бүжгийн театр” гэсэн бие даасан хоёр театр болгон өөрчилснөөс хойш уг барилгад Улсын дуурь, бүжгийн театр өнөөг хүртэл байрлаж байна. Тус театрын нэрийг 1981 онд “Улсын дуурь, бүжгийн академик театр”, 1994 онд “Сонгодог урлагийн академик театр”, хамгийн сүүлд 2002 онд “Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр” хэмээн өөрчилжээ.