
Нэр: Д.Сүхбаатарын морьтой хөшөө
Байршил: СБД, 6-хороо, Д.Сүхбаатарын гудамж, Сүхбаатарын талбайн голд
Утас:
Зип код: 14201
Facebook:
И-мейл:
Д.Сүхбаатарын морьтой хөшөө бол монгол хүний бүтээсэн орчин цагийн анхны хөшөөнүүдийн нэг юм.
Төр, цэргийн зүтгэлтэн, 1921 оны ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчдын нэг Д.Сүхбаатарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Ардын хувьсгалын 25 жилийн ойд зориулан дурсгалын энэхүү хөшөөг МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн 1946 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулах шийдвэр гарч, мөн оны долдугаар сарын 8-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор хөшөөний нээлтийг хийжээ. Хөшөөний эх загварыг уран барималч С.Чоймбол гаргаж, зураач Л.Намхайцэрэн, Д.Чойдог, барималч Н.Жамбаа, Д.Дамдиймаа, А.Даваацэрэн, Данзан, Нацаг, Лхамсүрэн нарын уран бүтээлчид хамтран бүтээжээ. Хөшөө нь нийт 12 метр өндөр бөгөөд үүнээс байц хадыг дүрсэлсэн суурь хэсэг нь 8 метр, морь унасан жанжны баримал 4 метр өндөртэй. Сүхбаатарыг дөрөөн дээрээ өндийн зогсоод баруун гараа өргөж, ард түмнээ шинэ ялалт амжилтад уриалан дуудаж байгаагаар дүрсэлжээ. Хөшөөг байц хэлбэрийн өндөр чулуун суурин дээр байрлуулж, нүүрэн талд нь Д.Сүхбаатарын хэлсэн “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс, үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн үгийг уйгаржин монгол бичгээр товойлгон сийлсэн байдаг. Хөшөөний суурийн хойд хананд Ардын хувьсгалчид Индэрийн талбай дээрээс ард иргэдэд хувьсгалын үйл хэргийг ухуулан сурталчилж байгааг, урд хананд Ардын журамт цэрэг эх нутгаа гамин цэргүүдээс чөлөөлж байгааг харуулсан зэс ингэмэлтэй. Хөшөөг тойрсон 14 чулуун арсланг ардын уламжлалт ур маягийн дагуу хийж, төмөр гинжээр холбосон байдаг. Арслангуудыг холбосон ширмэн гинжийг тухайн үеийн Төмөрийн заводын дарга Г.Батсүх удирдан хийлгүүлжээ.
Д.Сүхбаатарын шавар хөшөөний материалыг сайжруулж хүрэлдэх ажлыг 2010-2011 онд хийж гүйцэтгэсэн ба хүрэл хөшөөг нээх ёслол 2011 оны гуравдугаарын 01-нд болсон юм.