Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

Нэр: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей

Байршил: ЧД, 4-р хороо, Жуулчдын гудамж, Барилгачдын талбай

Утас: 11326060, 11-326061

Зип код: 14250

Facebook: The Fine Arts Zanabazar Museum | Facebook

И-мейл: info@zanabazarmuseum.mn

Музейн байшин нь 1905 онд Оросын худалдаачин Гудвинцал худалдааны төвийн зориулалтаар бариулсан анхны европ загварын хоёр давхар барилга бөгөөд Хүрээний хамгийн өндөр барилга байжээ. Хятадын банк, Оросын улаан цэргийн комендатын байр зэргээр ашиглаж байгаад 1930 онд “Улсын их дэлгүүр” орсноор “Өндөр хоршоо” хэмээн алдаршжээ. 1961 онд Улсын их дэлгүүр одоогийн байранд нүүж орсны дараа Улсын номын дэлгүүр, Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим ажиллаж байгаад Дүрслэх урлагийн музей болжээ.

Тус байшинд 1915 онд “Монголын үндэсний банк” нэртэйгээр Орос-Монголын худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулагдаж, 1919 онд хаагджээ. Гамингийн үед 1919 онд уг байшинд Чжи-Бянь-ин-Хань (Хао-Бу-я) хэмээх хятад банк нээж цаасан мөнгө гаргаж байсан аж. 1921 оны долдугаар сарын 6-нд Зөвлөлт Оросын улаан цэргийн ангиудын түрүүч Нийслэл Хүрээг чөлөөлөхөөр орж ирээд тэнд буудаллан улмаар Улаанцэргийн комендатын газар байрлаж, бас цэргийн эмээл хазаар, тоног хэрэгсэл, савхин гутал зэргийг хийх, сэлбэн засах үйлдвэр ажиллах болжээ. Дараа нь Аж Ахуйн Яам, Харилцан туслалцах хоршооны ерөнхий хороо орж, доод давхарт нь хивс нэхэх жижиг  цех ажиллаж байв.

1930 онд уг байшинг өргөтгөн Харилцан туслалцах хоршооны төв дэлгүүр болгосон нь “Өндөр хоршоо” хэмээн алдаршжээ. Тэр үед “Өндөр хоршоо”-ны зүүн хэсэгт нь худалдааны сургуулийн  анхны үүсвэр болох дансны ажилтны зургаан сарын хугацаатай курсыг 42 сурагчтайгаар нээж хичээллүүлжээ. 1954 онд тус дэлгүүрийн барилгын дотоод талыг өөрчлөн худалдааны том танхимууд болгон засаж, тохижуулсан байна. 1961 онд Улсын их дэлгүүр шинэ барилгад орж, тус байранд Улсын номын дэлгүүр, Урчуудын Эвлэлийн Хороо байрлаж байв. Ардын зураач Н.Чүлтэмийн Монголын “Эрмитаж” байгуулах санаа биеллээ олж 1965 оноос өнөөг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей тус байшинд байрлаж байна.

Тус музейг үүсгэн зохион байгуулах ажил 1965 оноос эхэлж, 1966 оны 7-р сарын 23-ны өдөр анхны үзэгчдээ угтан авч, үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. Нүүдлийн соёл иргэншлийн олон мянган жилийн түүхэнд дурсгалууд, монголын ард түмний үе үеийн урчуудын хосгүй үнэт бүтээлүүдийг дотоод, гадаадыг үзэгчдэд дэлгэн харуулж сурталчилдаг тус музей анх 300 гаруй үзвэртэй үүд хаалгаа нээж байсан бол, өнөөдөр монголын дүрслэх урлаг, нүүдэлчдийн соёл иргэншлийг сурталчлах, судлах, хамгаалах чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага болон бэхжсэн. 1989 онд тус орчин үеийн бүтээлийн хэсэг нь Уран зургийн галерей нэртэйгээр бие даан тусгаарлаж гарсан байна. 1995 онд Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 360 жилийн ойгоор тус музейг, монголын шашин, төр, нийгмийн зүтгэлтэн, уран барималч, хэл шинжлэлтэн, соён гэгээрүүлэгч энэ их хүний нэрэмжит байгууллага болгосон юм.

Улсын хэмжээнд, түүх соёлын хосгүй үнэт ангилалд багтсан 200 орчим дурсгал байдгийн 70 орчим нь тус музейд хадгалагдаж байна.

Тус барилгын үндсэн хэсэг нь хоёр давхар,  зүүн хойт жигүүртээ гурван давхар бөгөөд чулуун суурьтай тоосгомод хослуулан угсарсан өвөрмөц хийцтэй байшин юм. Энэхүү барилга нь уртаашаа 67 метр, зүүн жигүүр нь Г маягийн өргөтгөл хэсэгтэй.

Энэхүү түүхэн дурсгалт байшинг анх Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1987 оны 326 дугаар тогтоолоор хотын хамгаалалтад авч байсан бол хамгийн сүүлд Засгийн газрын 2008 оны 175 тогтоолоор Улсын хамгаалалтад бүртгэн авсан.