ЕРӨНХИЙ САЙД ЖИГЖИДЖАВЫН АМЬДАРЧ БАЙСАН БАЙШИН

Нэр: Ерөнхий сайд Жигжиджавын амьдарч байсан байшин

Байршил: ЧД, 1-р хороо, Сүхбаатарын баруун талд, Хангарди ордны хойно

Зип код: 15160

Орос загвартай уг байшин 1920-иод оны эхэн үед баригджээ. Монгол Улсын найм дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджав 1933 онд нас барах хүртлээ энд амьдарч байв.

XX зууны эхэнд Улаанбаатар хотод орос загвартай цөөнгүй барилга баригдсан хэдий ч өдгөө энэ төрлийн маш цөөхөн байшин үлдсэн. Жигжиджавын байшин нь ХХ зууны эхэнд баригдсан гэдгээрээ Улаанбаатар хотын барилгын хөгжлийн түүхийн нэгэн үеийг төлөөлөх төдийгүй Ерөнхий сайд амьдарч байсан гэдэг утгаараа түүхэн дурсгалт газар юм.

Д.Сүхбаатарын талбайн баруун урд хэсгээс Төв шуудангийн араар баруун тийш 100м орчим яваад Бодь цамхгийг тойрон хойд зүг рүү эргэж чигээрээ явсаар Үндэсний түүхийн музей хүрэх нарийн гудамжийг Ц.Жигжиджавын нэрэмжит гудамж гэж нэрлэдэг. Жигжиджавын байшин энэ гудамж дахь хамгийн эртний бөгөөд түүхэн дурсгалт барилга учраас ийн нэрлэжээ.

XX зууны эхэн үед Нийслэл хүрээн дэх Түшээт ханы зүүн захын хороод, 1920-иод оны үед Улаанбаатар хотын Усан хөөргөний газар, одоогийн нэршлээр Гал команд энэ хавьд байрлаж байв. Тэгвэл энэ хэсэг газар 1940-өөд оноос одоогийн дүр төрхөө олжээ. Талбайг тойрсон барилгууд буюу одоогийн Өмчийн харилцааны газар, Хотын захиргааны байр, Хөрөнгийн бирж буюу тухайн үеийн Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр, Монголын үйлдвэрчний төв зөвлөлийн барилга 1945-1954 онд баригджээ. Тиймээс энэ гудамжинд буй 1945 оноос өмнө баригдсан ганц барилга нь Ерөнхий сайд Жигжиджавын барилга юм.

Нийслэлийн өмчид байдаг энэхүү түүхэн дурсгалт байшинг 2015 онд соёлын өвд бүртгэн авсан ба 2017 онд дээврийг нурааж, дээр нь хоёр давхар барилга барьсан юм.