ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Нэр: Гадаад харилцааны яам

Байршил: СБД, 1-р хороо, Энх тайваны өргөн чөлөө, Гадаад харилцааны яамны барилга

Утас: 7008-2222

Зип код: 14210

Facebook: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia | Facebook

И-мейл: info@mfa.gov.mn

Гадаад харилцааны яамны барилга бол Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах төлөвлөгөөний дагуу буюу дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьж байгуулсан архитектурын дурсгалт барилгуудын нэг юм. Барилгын суурийн ажлыг 1946 оны дөрөвдүгээр сард эхэлж тавдугаар сарын эцсээр дуусгажээ. Тус барилгын зураг төслийг архитектор В.Шульгин хийсэн бөгөөд уг ажлын зургууд Монголын үндэсний төв архивын Барилгын зургийн архивт хадгалагдаж байна.

Барилгын явцыг шалгаж 1946 оны тавдугаар сарын 19-нд бичсэн илтгэх хуудсанд: “Барилгын материалын хувьд чулуунаас бусад нь хүрэлцээтэй, 200 гаруй куб метр чулуу шаардлагатай, гурван морин тэргээр ус зөөж буй боловч морьд нь тарга хүч муутай учраас барилгын өдөр тутмын усны хэрэгцээг хангаж чадахгүй байна” гэж тэмдэглэжээ. Гадаад яамны барилгыг  барих ажилд амжилт гаргасан олзлогдогсдод тухай бүр шагнал олгож байв. Мужааны, бетоны, өрөлтийн бригадууд 7, 8, 9 дүгээр сарын төлөвлөгөөт зорилтоо биелүүлж ирсэн учир ОЦХЭЕГ-ын Даргын 1946 оны аравдугаар сарын 21-ны өдрийн шийдвэрээр бригадын дарга 7 хүнийг тус бүр 50 төгрөгөөр шагнажээ. Япон дарга, цэргүүдээс гаргасан хүсэлт ёсоор дээрх шагналын мөнгөөр нь ариун цэврийн бараа, хүнсний зүйл худалдаж авч өгчээ. Энэ барилга дээр ажилласан 290 олзлогдогсод 1946 оны арван нэгдүгээр сарын 23-ны өдрийн төлөвлөгөөт зорилтыг 96 хувиар биелүүлж байжээ. Гадаад хэргийн яамны барилгын гаднах талбайг засаж тохижуулах ажлыг 1947 оны аравдугаар сард дуусгаж төвлөрсөн халаалтын системийг 1947 оны арван нэгдүгээр сарын 10-нд ашиглалтад оруулжээ. Энэ барилгад Монгол Улсын Гадаад хэргийн яам  өнөөг хүртэл байрлаж иржээ.