БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ

Нэр: Богд хааны ордон музей

Байршил: ХУД, 15-р хороо, Богд хааны ордон музей

Утас: 11-343071

Зип код: 17040

Facebook: Bogd Khaan Palace Museum | Facebook

И-мейл: contact@bogdkhaanpalace.mn

Ногоон ордон буюу Шаравпэлжээлин, Монгол хэлээр “Билгийг хөгжүүлэн бадруулагч хийд” нь Богд хааны дөрвөн ордноос бүтнээрээ үлдсэн цорын ганц дурсгал бөгөөд өдгөө Богд хааны ордон музей нэрээр үйл ажиллагаа явуулж буй Монгол улсын ууган музейн нэг юм.

Ордон анх байгуулагдсан нь

VIII Богд Жавзандамба хутагт Туул голын хөвөөн дээр “Шаравпэлжээлин гэдэг ногоон сүм ордныг 1893 оноос эхлэн барьж 1906 онд дуусгасан байна. Ногоон ордны урд талын гурван асарт үүдэн дээрх Манжийн хаанаас олгосон “илэрхийлэх бичиг” хэмээх баясгалант есөн луугаар тойруулан чимсэн, хөх модон самбар дээр баруун талд нь Бадаргуулт төрийн гучин гуравдугаар (1907) оны гурван сард, зүүн талд нь “Наймдугаар үеийн Жавзандамба хутагт”,  гол дээд талд нь “Зарлигаар шагнасан” гэсэн Монгол бичиг бүхий мөн түүний доохно томоор “Сайныг цэнгэлдэн хүртээхүйеэ дуртай” гэсэн монгол, манж, төвөд, хятад дөрвөн үсгийн алтан бичээстэй байна. Энэ хугацаанд тус ордны Махранзын сүм, Эрдэм итгэмжит сүм, Бурхдын сангийн сүм, Номын сангийн сүм, Лаврин сүм, Алаг бойвын зэрэг сүмүүдийг барьсан байна. Уул сүмийн барилгуудад хэрэглэх модон материалуудыг Дархан Чин Ван Пунцагцэрэнгийн хошуу нутаг Зүүнбаянгаас бэлтгэх ба хэрэглэх шохойг мөн хошууны Цагаанбулаг хэмээх газраас бэлтгэхээр шийдвэрлэжээ. Шаравпэлжээлинг барихад түмэн (арван мянга) шар тэрэг мод орсон. Модыг хаалгач лам Жанчив, Зайсан лам Жанцан нар хариуцаж бэлтгэсэн. Сүмийн барилгыг Тэжаан зайсангийн пүүс голлон, туйпуу будгийн ажлыг Амгалангийн Хан овогтын пүүс хариуцан барьжээ. Мөн 1903 оноос 1905 онд Өвлийн ордон буюу европ маягийн хоёр давхар цагаан байшинг Оросын II Николай хааны бэлэглэсэн зураг төслийн дагуу Их хүрээн дэх Оросын консулын газраас эрхлэн Цэцэн хан аймгийн буриад барилгачдаар бариулсан байна.

Манж Чин гүрний эзэн хаан буруу номтны байшин бариуллаа гэж зэм хүртээж байсан учраас байшингийн дээвэрт алтан ганжир байрлуулж, хананд нь бадамлянхуа цэцгэн хээ зуруулж нэмэлт засвар хийлгэж тэрхүү хэл амыг дарж байсан гэдэг. Энэ байшиндаа VIII Богд Жавзандамба хатан Дондогдуламын хамт 20 орчим жил өвлийн улиралд амьдарч байжээ. Энэ ордон бол баригдсан цагаас эхлэн Дондогдулам хатны хамт амьдарсан ордон тул өмнөх Богдуудын ордны байдлаас илт өөр жинхэнэ айл гэрийн ёсоор тохижуулсан өвөрмөц сайхан ордон байсан байна. Ногоон ордны цогцолбор нь хэд хэдэн удаа өргөтгөл хийгдэж шинэ барилга байгууламжууд нэмэгдэн баригдаж байсан юм. Манжийн эрхшээл ноёрхлыг эсэргүүцсэн монголчуудын эрх чөлөөний тэмцэл 1911 оны сүүлээр ялалтаар төгсөж VIII Богд Жавзандамбыг Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээлшгүй эрхт эзэн хаанаар өргөмжилсөн юм. Энэхүү түүхэн үйл явдалд зориулж 1912-1919 онд Амгалан-Энхийн хаалгыг бариулжээ. Хаалганы зураг төслийг уран барилгач “зоригт” цолтой Баажав тэргүүтэй Санжид, Тэжаан нар зохиосон байна. 1913 онд өвлийн ордонтой залгуулан хувцасны сангийн барилгыг, мөн Богдын бор зааны өвлийн байшинг хашааны баруун хэсэгт тус тус бариулсан байна. Туул голын хойд талд Дунд голын өмнүүрх өндгөн сүргийн бэлчээрт Богд хааны гурван ордон байсан ба зүүн талд нь Гунгаадэжидлин (цагаан ордон), баруун талд нь Хайстай лаврин (хүрэн ордон) тус тус байсан ба дунд нь Шаравпэлжээлин (ногоон ордон) байрлаж байжээ. Иймээс Шаравпэлжээлин ордонг хүмүүс голын сүм, зарим бүтээлд дээд сүм гэхчлэн тэмдэглэсэн байхаас гадна уг ордны дээвэр нэлэнхийдээ ногоон вааран дээвэртэй байсан учраас ард олны дунд “Богдын Ногоон ордон” гэж нэрлэгдэж заншжээ.

Ногоон ордны зуны мөргөлийн сүмүүдэд Богд хаан зуны улиралд зөвхөн шашин номын мөргөл бясалгал үйлдэх зорилгоор ашиглаж байсан. Номын сангийн сүмд найман мянган ном судар хадгалдаг байсан ба VIII Богд энд судар номоо уншдаг байжээ. Энд хадгалагдаж байсан судар номыг хожим судар бичгийн хүрээлэнд шилжүүлсэн ба улмаар Судар бичгийн хүрээлэнгээс Улсын төв номын санд шилжүүлсэн байдаг. Сүмийн дээд оройн гуравдугаар давхар нь алтадмал зэсэн дээвэртэй байсан ба Богд хааны гол шүтээн Очирдара бурхныг залдаг байсан байна.

Өвлийн ордон нь хоёр давхар модон шалтай, уурын халаалттай, цахилгаан гэрэлтүүлэгтэй байсан ба европ, хятад, монголын төрөл бүрийн уран сайхны болоод үнэт эдлэлүүдээр дүүрэн байсан аж. Барилга байгууламжийн хийцийн хувьд зуны ордон нь дорно дахины хэв маяг зонхилдог бол, Өвлийн ордон нь Орос загварын барилга болно.

Ногоон ордон бол Монголын түүхэн дэх хамгийн чухал үйл явдлын гэрч болон үлдсэн юм. Энэ ордон нь Манж Чин гүрнээс тусгаарлан салах Халхын ноёдын санаачилгыг эхнээс нь дэмжиж, “Монгол овогтон” бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох тухай лүндэн буулгаж, анхлан халхын алтан ургийн хан ноёдоор, дараа нь Барон Унгернаар, сүүлд ардын засгийн газраар нийт гурвантаа Монгол Улсын хаанд өргөмжлөгдсөн зэрэг олон түүхэн үйл явдлын гэрч болжээ. Хаан өргөмжлөх ёслолд Богд хааныг эл ордноос нь залж төрийн ордонд ёсолж байсан юм. 1923 онд Улсын Эх дагина Дондогдулам, 1924 онд Богд хаан тус тус таалал төгссөнөөр Ардын засгийн газрын шийдвэрээр Богд хааны хөрөнгийг тоолж битүүмжилжээ.

Ардын хувьсгалаас хойших хааны ордон

1924 оны эцсээр Монголын шинэ цагийн анхны музей үүдээ нээсэн бөгөөд тэр үед Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчид сонирхон үзсэн байна. Шинэ тулгар байгуулагдсан музейн сан хөмрөг өдөр ирэх тусам өргөжиж байр сав нь хүрэлцэхээ больсон тул 1926 онд Ардын Намын Төв Хороо, Засгийн газар улсын музейг үүсгэн тохижуулах товчоог байгуулсан бөгөөд уг товчооны 1926 оны 04-р сард “VIII Богд Жавзандамбын эзэмшилд байсан түүх, соёл урлагийн зүйл, бурхан тахил, угсаатны зүйн эд өлөг, төрөл бүрийн амьтны чихмэл дүрс зэргийг музейд шилжүүлэн улмаар Богдын өвлийн ордонд музейг өргөтгөн байгуулах мөн улсын музейг Богд хааны өвлийн ордонд байгуулах шийдвэр гарчээ.

Богд хааны өвлийн ордны барилгын өнгө будаг, өрөө тасалгааг музейн зохион байгуулалтад тохируулан засаж янзалсны үндсэн дээр үзмэрээ төрөлжүүлэн ангилах журмаар дэлгэн тавьсан байна.  Үзмэрийн анхны дэглэлтийг 1926 онд хийж музейн үзмэр үзүүлэнгийн тасаг болгон үзүүлжээ. 1927 оноос музейд албан ёсоор орон тооны ажилчидтай болж музейн үзмэрийн бүртгэлийг анх удаа хөтөлж монгол, орос хэл дээр бичсэн баримтуудыг цэгцэлжээ.

Музейн үзмэрийн анхны тооллогыг 1936 онд хийсэн байна. Музейн сан хөмрөг үзмэрийг баяжуулах ажил хийж албан байгууллага, хувь хүнд хандаж музейн үзмэр дэглэлтийг өргөтгөж байгаль, газарзүйн олдвороор баяжуулж “Орон нутаг судлах музей” нэртэй болсон.

Улмаар 1954 онд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын төв музей байгуулах шийдвэр гарч тус музейд байрлаж байсан Улсын төв музейг нүүлгэж, хааны ордонд Богд хааны ордон музей байгуулах болж үзмэр дэглэлтийг өөрчлөх шаардлага гарч Өвлийн ордны анхан төрхөд нь оруулах засварын ажил эхэлж байжээ.

1961 онд Богд хааны ордон музей хэмээгдэх болж үзмэр дэглэлтийг шинээр хийж, зуны мөргөлийн сүмүүдийг сэргээн засварлах ажил явагджээ. Тус музей нь Соёлын яамны Музейн удирдах газрын харьяа болж үйл ажиллагаагаа явуулж байсан.

Өнөө үеийн Богд хааны ордон музей

1990 онд Музейн удирдах газар татан буугдсанаар музейн харьяалал өөрчлөгдөж тэр үеийн Соёл урлагийн хороонд харьяалагдах болжээ. 1992 онд музейн нэрийг өөрчилж Чойжин ламын сүм музейтэй нэгтгэн Шашны түүхийн музей нэртэй болж, нийгмийн өөрчлөлтийн дагуу нэг намын үзэл суртлаас татгалзаж урьд өмнө баримталж байсан музейн тайлбар сурталчилгааг түүхэн бодит үнэн дээр тулгуурлан явуулах болсон. Музейг үзэх гадаадын жуулчдын тоо эрс ихсэн АНУ, Японы жуулчид тэргүүлэх байр эзэлж байв. 1992-2000 онуудад Монгол Улсаас гадаадын улсуудад гаргах үзэсгэлэнгүүдэд тус музей шилдэг үзмэрүүдээ оролцуулсан.  Тухайлбал 1993 онд Францад, 1995-1996 онд АНУ-ын Сан Франциско, Вашингтон, Денвер хотуудад, 1996 онд БНСУ-ын Сөүл, 1998 онд Японд, 1999 онд Нидерланд, 1999-2000 онд Австралид гарсан үзэсгэлэнгүүдэд тус музейн үзмэрүүдийг оролцуулсан байна.

2000 онд Шашны түүхийн музей татан буугдсан тул Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей тус тусдаа үйл ажиллагаа явуулах болж. 2002 онд Дэлхийн хөшөө дурсгалын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Номын сангийн сүмийг сэргээн засварлаж, мөн онд Английн Төвөдийн сангийн төсөлд хамрагдаж байжээ. 2005 оноос эхэлж Хосгүй үнэт үзмэрийн зэрэглэл тогтоох ажил эхэлсэн байна. 2005-2007 онд “Чингис хаан ба түүний залгамжлагчид” нэртэй ХБНГУ, Австри, Турк, Унгар улсад гарсан үзэсгэлэнд тус музейгээс шилдэг хосгүй үнэт үзмэрүүд оролцуулах болсноор гадаад ажиллагаа шинэ шатанд гарав.

Богд хааны ордон музей нь 1926 оноос хойш 92 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын ууган музейн нэг юм. Тус музей нь ёслол хүндэтгэлийн талбай, 7 сүмээс бүрдэх зуны ордны цогцолбор, өвлийн ордон гэсэн хэсгүүдээс бүрддэг.