1921 оны 7-р сарын 11-нд Нийслэл Хүрээний гол чөлөө, одоогийн Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнөхөн улаан хүрэн өнгөтэй модон индэр байгуулж, эндээс Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхаглажээ. Ийнхүү Ардын хувьсгалын нөлөөгөөр Нийслэл Хүрээнд шинэ төв талбай үүсэж, Хүрээнийхэн энэхүү гол чөлөөг Индрийн талбай хэмээн нэрлэх болсон байна. 1930-аад оны сүүлчээр хотын төвийг шинэчлэн байгуулах анхны зураг төлөвлөгөө гарч тохилог шинэ барилгууд барихаар төлөвлөж талбайн урдуур анхны цардмал замыг тавьсны дээр 1940 оны намраас эхлэн хотын төв цэцэрлэгийг үүсгэн байгуулсан байна. 1946 оны 6-р сард төв талбайг цардаж түүний дунд жанжин Д.Сүхбаатарын хөшөөг барьж босгожээ. Д.Сүхбаатарын талбайг тохижуулах ажлыг маршал Х.Чойбалсан гардан удирдаж, эргэн тойрных нь хэмжээг өөрөө зааж өгсний дээр энэ талбайн хойморт төрийн шинэ ордныг бариулж 1951 оноос үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Түүхт энэ талбай нийслэл Улаанбаатар хотын шинэчлэн байгуулалтын бэлгэ тэмдэг төдийгүй өдгөө тус талбай нь их хотын төв цэг, нүүр царай болж үүнийг тойроод хотын хамгийн томоохон оффисын барилгууд, даунтаун буюу бизнесийн гол төв, үйлчилгээний газрууд, их дээд сургууль зэрэг хөл хөдөлгөөн тасардаггүй, амьдрал бужигнасан газар болсон байна.

Үзвэр үйлчилгээ

Худалдаа, үйлчилгээ

Хөшөө, дурсгалт газар

Ресторан, бар

Гудамж, өргөн чөлөө

Төрийн үйлчилгээ